МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Ардын Засгийн газрын шийдвэрээр 1923 оны 4 дүгээр сард Сангийн яамны дэргэд “Мал эмнэлгийн хэлтэс”, улмаар мөн оны 8 дугаар сард “Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газар” байгуулагдсанаар манай оронд орчин цагийн шинжлэх ухааны мал эмнэлгийн түүх эхэлсэн байдаг. ✍️Мал эмнэлгийн салбарын эрдэмтэн, судлаачид, малын эмч нарын уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд 1950-иад онд үхрийн мялзан, ямааны годрон, 1960-аад онд үхрийн цээж, хонь, ямааны цэцэг өвчнийг устгаж, шүлхий, боом, галзуу болон паразиттах өвчний гаралтыг ихээхэн багасгажээ. 🌎Монгол улсын мал эмнэлгийн тогтолцоог Олон улсын жишигт нийцүүлэн оновчтой болгох, малын гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тэмцэх арга хэмжээг чанаржуулах талаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас 2010, 2012, 2015,2019 онуудад өгч байсан зөвлөмж, дүгнэлтүүд өгч байсан. 💹Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь улсын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх гол салбар бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь жилээс жилд тогтвортой өсөн нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 13.0 хувийг, экспортын орлогын 6.0 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 50 гаруй хувь нь энэ салбарт ажиллаж байна. ✅Бэлчээр, тэжээл, усны хязгаарлагдмал нөөцтэй, байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон эрсдэлгүй мал аж ахуйг бий болгох, үүнд тулгуурлан малын чанар, эрүүл мэндийг сайжруулан хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэх нь мал аж ахуйн хөгжлийн тулгуур асуудлын нэг бөгөөд эдгээр асуудлыг шийдэх нь зөвхөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон мэргэжлийн байгууллагын үүрэг биш, харин малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд, боловсруулах үйлдвэрүүдийн хамтын ажиллагааны үр дүн байх ёстойг онцлон тэмдэглэж байна. ✅Малын эмч судлаачид, эрдэмтэн та бүхэн нэгдмэл санаа бүтээлч санаачлага нягт хамтын ажиллагааг өрнүүлэн энэхүү хурлаараа мал эмнэлгийн шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэх үнэтэй санал зөвлөмжөө харилцан ярилцаж , дараагийн 100 жилд хийж бүтээх ажил, арга хэмжээний саналаа гарах шийдвэрийн төсөлдөө тусган түүнийгээ шийдвэрлэх арга замуудыг тодорхойлон нэгдмэл байр суурьтайгаар Монголын мал эмнэлгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна. ✅ Онол практикийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн хүрээлэн, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар түүний харьяа байгууллагууд, ОУ байгууллагууд, 21 аймаг нийслэлийн мал эмнэлгийн газар зэрэг нийт салбарын 120 гаруй эрдэмтэн, судлаач, малын эмч нар хамрагдлаа.