СҮХБААТАР АЙМГИЙН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ТОГТМОЛ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БОЛГОХ ТАЛААР АНХААРЧ АЖИЛЛАНА.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ерөнхий малын эмч А.Нарантуяа болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Дарьганга сумдын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.
📍Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МЭЕГ-ын Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Л.Идэрцогт, ахлах мэргэжилтэн С.Мягмаржав, УМЭАЦТЛ-ийн захирал Ө.Гэрэлмаа нар ажиллаж мал эмнэлгийн салбарын бодлого, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, мал эмнэлгийн нэгдсэн системийн үйл ажиллагаа, мал эмнэлгийн газар болон лабораторийн барилга, мал, амьтны өвчний оношилгоо, шинжилгээ, тандалтын ажлын гүйцэтгэл, оношлуур, эм урвалжийн бэлэн байдал, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилт, тулгамдаж буй асуудалтай танилцаж, мэдээлэл солилцон, мэргэжил аргазүйн, зөвлөмж чиглэл өгөв.
✅Мал, амьтны гоц халдварт болон мал, амьтнаас хүнд халдварладаг зооноз өвчний ариутгал халдваргүйтгэл хийх зориулалт бүхий “Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн байр”-ны үйл ажиллагаатай танилцаж, хэвийн үйл ажиллагаа явуулахад тулгамдсан асуудлын талаар санал солилцон дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.
✅Мөн Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспорт, мал эмнэлгийн хяналт батаалгаажуулалтын шаардлагыг хангуулах ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрүүдийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ариун цэвэрт тавигдах шаардлага, үйлдвэрлэлийн зохистой дадал, түүний хэрэгжилттэй танилцаж, санал солилцож ажиллаа.