Танилцуулга



СҮХБААТАР АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН

БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ



Сүхбаатар аймгийн мал эмнэлгийн байгууллагын үндсэн суурь нь 1942 онд Жавхлант шарга” аймгийн мал эмнэлгийн хороо нэртэй тавигджээ. Аймгийн мал эмнэлгийн хороо энэ үед нэг өрөө модон байшинтай, газ-пикоз пулу машин нэгтэй байв. Тэр үед бага эмч, дарга 1, аптекийн эрхлэгч бага эмч нэг, санитарч нэг, ЗХУ-ын Чита мужаас уригдаж ирсэн Урачаев гэдэг бага эмчтэй, хөдөө сумдад тус бүр бага эмч буюу санитарч нэгтэй 15 салбар бүгд 19 орон тоотой ажиллаж байв. Энэ үед халдварт өвчний эсрэг урьдчилан сэргийлэх боомын тарилгыг 48,8 мянга, дуут хавдар 11,5 мянга үхэрт, цэцгийн тарилга 14,9 мянга, цээжийн вакцин 1,2 мянган малд тус тус тарьж 25,7 мянган малыг хамуунаас сэргийлэх угаалганд хамруулж байв. Мал эмнэлгийн зардалд 115,2 мянган төгрөгний төсөв батлагдаж байжээ.

1950-иад оны үед аймгийн мал эмнэлгийн тасгийн даргын орлогч бага эмч, нябо, халдвартын бага эмч, ариун цэврийн бага эмч, хөдөө салбарт 15 бага эмч ажиллах болж өргөжсөн байна. 1952 онд аймгийн мал эмнэлгийн тасгийн дэргэд их эмч нэг, бага эмч нэг, жолооч нэгтэйгээр нүүдлийн их эмчийн салбар байгуулагдаж ажилласан нь шаардлагатай сумдад дуудлагаар болон төлөвлөгөөгөөр явж үйлчлэх бололцоотой болжээ. 1957 оноос Эрдэнэцагаан, Хонгор, Уулбаян суманд их эмчийн салбартай болсон нь нэг их эмч 3-4 сум харъяалах болж мал эмнэлгийн үйлчилгээгээр нийт сумыг үйлчлэх болсон байв.

Аймгийн мал эмнэлгийн тасагт 1955 оноос халдвартын их эмчийн орон тоо нэмэгдэж, 1958-1959 оноос Дарьганга, Баянтэрэм сумдад сум дундын их эмчийн тасагтай болжээ. Сум дундын мал эмнэлгийн тасгийн анхны их эмчээр Н.Епруз, П.Бадарч, Д.Цэрэн, С.Балдандорж, С.Гомбожав нар ажиллаж байжээ.

Мал эмнэлгийн аптек нь 1950 онд байгуулагдаж, анхны эрхлэгчээр нь Д.Пунцаг ажиллажээ. Аптек нь 1964 он хүртэл мал эмнэлгийн харъяанд ажиллаж олон нэр төрлийн эм багаж хэрэгсэл ороох, боох материал био бэлдмэлээр сумдын мал эмнэлгийг үнэгүй тооцоогоор хангаж байлаа. 1963 онд лабораторийн захирал А.Сэр-Од, дэд доктор Л.Балан, зөвлөлтийн мэргэжилтэн Зиборов, З.Н.Задорожтенный, их эмч А.Кузнецова, БНБАУ-ын иргэн, малын их эмч Морданов, Ё.Стеланов, Иванов нар малын шүлхий өвчнийг оношлоход хамтран ажиллаж байжээ.

1964 онд Сайд нарын зөвпөлийн тогтоолоор мал эмнэлгийн зарим болон багаж хэрэгсэл, эмийг үнэтэй болгон аймгийн Материал техникийн хангамжийн конторт харъяалуулж, аж ахуйн тооцоон дээр ажиллаж мал эмнэлгийн байгууллагуудад үйлчлэх болжээ.

1966-1973 онд Мөнххаан, Баянтэрэм, Түвшинширээ, Онгон, Наран, Уулбаян, Баяндэлгэр зэрэг 9 сумын мал эмнэлгийн барилга ашиглалтанд орж лабораторийн шинжилгээний зарим багаж хэрэгслээр тоноглогдсон байна. 1969 оноос Онгон, Уулбаян, Түмэнцогт, Эрдэнэцагаан суманд сум дундын оношлох кабинет байгуулагджээ. 1961-1964 онд сумдад “малын их эмчийн тасаг” байгуулагдан ажиллажээ.


Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоолоор шинээр аймгийн Мал эмнэлгийн газар байгуулагдан бие даан ажиллаж эхэлсэн. Аймгийн мал эмнэлгийн газрын дарга, Захиргаа, санхүүгийн албанд албаны дарга, нягтлан бодогч, архив, бичиг хэрэг, нярав, автомашины жолооч 2, манаач 3, Мал, амьтны эрүүл мэндийн албанд гоц халдварт өвчин хариуцсан албаны дарга, мал эмнэлгийн улсын ахлах байцаагч, өвчний мэдээ тайлан, цахим бүртгэл, хяналт–үнэлгээ хариуцсан эмч, зооноз, халдварт өвчин, тандалт хариуцсан эмч, шимэгчтэх, халдваргүй өвчин, эм биобэлдмэл хариуцсан эмч, МЭ-ийн Лабораторид эрхлэгч–нян судлаач эмч, ийлдэс судлалын шинжээч эмч, ариун цэвэр магадлан шинжилгээний эмч, лаборант, сумын МЭТасгийн улсын байцаагч эмч 13, тархвар зүйч эмч 13 бүгд 26 мэргэжилтэн босоо удирдлагын тогтолцоонд Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах хуулийг удирдлага болгон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны хориг саадыг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж төрөөс мал эмнэлгийн талаар үзүүлж буй ажил, үйлчилгээг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна.